Н.Тайванжаргал : Нутаг гүйсэн хүлэг
Намрын дунд сарын орой байв
Нар шингээд удаагүй байв
Хар санаагүй идээшилж байв
Харанхуй дундаас зовлон ирж байгааг мэдээгүй байв
Буруу гарын бугуйл цалманд оров
Бусдын эрхэнд орж хүний нутгийг зорив
Өдөр шөнөгүй олон хоног явав
Өл хоолгүй явж туйлдаж ядрав
Таниж мэдэхгүй хүний нутагт ирэв
Тамга тэмдгий нь өөрчилж дарав
Олон хүний нүдийг хужирлав
Омогтой эзний мэдэлд очив
Хатуу гараар орж нухлагдав
Хазаар эмээлээс салгахгүй байв
Ханатал нь услахгүй амы нь л норгодог байв
Хангайн чулуун хөрсөнд
Хатирт хөлийн туурай нь улдав
Хатан сэрвээ нуруу нь зулгарав
Өвс тэжээл нь таарахгүй зовов
Өнгө зүс нь гундаж турав
Нутгийн зүг харан унтдаг байв
Нулмис унагаан дотроо үүрсдэг байв
Хангайн усан борог өвс биш байв
Ханатлаа идэвч хоол биш байв
Нарийн суль өвстэй говийн ургамлаа санав
Намхан тачир ч шимтэйг нь санаж өлсөв
Олон хүний гарыг дамжив
Олойр цагаан үсэнд баригдав
Хангайд эрт сэрүүн ордгийг мэдэв
Харийн нутгийн агаар нь ч хэцүү гэдгийг мэдрэв
Эх нутгаа эргэн эргэн санав
Эзнийхээ нөмөр ивээлийг санан санан үгүйлэв
Ижил сүрэгтээ эрмэг байснаа бодов
Эзнийхээ наадамд унадаг хүлэг байснаа дурсав
Олон хүний гарыг дамжив
Онд ороход хэцүү болов
Хавчиж гадуурхагдан ганцаар явдаг байв
Хаврын шинэ ногоог хүлээж дотроо яардаг байв
Хүний нутгийн өвлийг арайхийн давав
Хүйтний ам ч цаашлав
Хүлэг гэж хэлэхэд хэцүүхэн л хавартай золгов
Хүлээж байсан ногоо ч амилж эхлэв
Шинэ ногооны амтанд тэнхрэв
Шилэрч гүйхэд бэлэн болов
Ширтэж нутгийн зүг яардаг байв
Оройн бүрий болов
Одод ч тэнгэрт түгэв
Ижилссэн сүргээс сүүлдэж хоцров
Эргээд нутгийн зүг гүйв
Тамир тэнхээ нь гүйцээгүй ч сэтгэл нь улам яарав
Налархай өвсний толгойг ажиж
Намрын ирсэн замаа үнэрлэж гүйв
Шөнөөр гүйж газрыг туулав
Өдрөөр амарч тэнхээ сэлбэв
Газар холын замд сульдав
Ганц ч хором алдахгүйн тулд гэлдрэв
Гүйж байгаа хүлэгт чоно ч саад болдоггүй гэдэг нь үнэн байв
Гөрмөл суран бугуйл даллаж хоргоох хүн ч үл таарав
Нуугдаж гүйсээр нутгийн бараа харав
Нутгийн зүг дөхөх тусам улам яарав
Бүлээн салхи угтаж ирээд таниж илбэв
Бүртэлзэх бараанаас нутаг нь даллав
Зэрэглээн дундаас ижил сүрэг нь янцгаав
Зэлэн дээрээсээ эзэн нь дурандаж байгаа нь харагдав
Нутаг нь таниж бороогоор уйлав
Нуурын ус нь угтаж долгилов
Шумбан шумбан залгилав
Шувууд нь хүртэл таниж ганганав
Эрэг дээр нь гараад хөрвөөв
Ижил сүрэг нь гүйж ирээд үнэрлэв
Эхээс унасан газартаа хөрвөөж хүний нутгийн тоосноос салав
Эмээл анх тохуулсан газраа санаж нэг эргэв
Хөндий их талаасаа цээж дүүрэн амьсгаа авав
Хөрвөөж босох нь эрх дураараа сайхан байв
Ижил сүргээ олон болсныг харав
Эзнийхээ гэрт хүү төрснийг мэдэв
Уяан дээрээ очоод үүрсэв
Угтаж ирээд эзэн нь сүү амсуулж нулмис унагав
Сахиус зүүж эзэн нь сэтэрлэв
Салхинд хадаг хийсэж арц үнэртэв
Тоонот гэрт хуурын дуу сонсогдов
Толгой дээгүүр ижил сүрэгтээ очиж нийлэв
Н.Тайванжаргал
Эрдэнэт хот


аргагүй адуу мэддэг хүний дүрслэл бүхий гоё шүлэг байна, хүний нутагд хэдэн жил болсон миний сэтгэл хөдлөөд бүүр сонин болчихлоо, ахиад гоё шүлэг тавиарай баярлалаа
сайхан шүлэг юмаа
Үнэхээр сайхан шүлэг байна. Баярлалаа
oo saihan shuleg bna et-n hun yumuu? nice l yum bna.iluu2.
ee ene shuleg unen tasartsan shuleg bna. dahiad goy shuleg tavibal heleerei. bchuka_121@yahoo.com