Эхлэл > Монгол морь, Шүлэг > Ө.Даваабаатар түрүүлж, Х.Баттулга сайдын зээрд түмэн эхээр тодорчээ

Ө.Даваабаатар түрүүлж, Х.Баттулга сайдын зээрд түмэн эхээр тодорчээ

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading ... Loading ...
28 Долоодугаар сар 2009

370_eaa84e20Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Завхан, Баянхонгор, Дорнод аймагт баруун, төв, зүүн бүсийн “Их хурд-2009″ хурдан морины уралдааныг энэ сарын 25-26-нд зохион явууллаа. Хурдан морины уралдааныг Монголын морин спорт, уяачдын холбоо, аймгийн Засаг даргын Тамгын газрын хамтарсан комисс зохион байгуулсан. Баянхонгор аймагт болсон “Их хурд-2009″ хурдан морины уралдаанд газар газрын шигшмэл 1500 гаруй хурдан буян тоосоо өргөж наадамчин олноо баясгажээ. Төвийн бүсийн “Их хурд-2009″ хурдан морины азарганы уралдаанд .280 гаруй шандаст хурдан хүлэг гараанаас гарснаас Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, УИХ-ын гишүүн, ЗТАЖ-ын сайд Х.Баттулгын зээрд түрүүлж, тод манлай торгон жолоо өргүүлсэн байна. Аман хүзүүнд Монгол Улсын тод манлай уяач, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Ц.Хэнмэдэхийн хавчиг халзан азарга иржээ. Энэхүү хавчиг азарга өнөө жилийн улсын баяр наадамд мөн л аман хүзүүдсэн хурдан буян аж. Айргийн тавд Төв аймгийн Эрдэнэ сумын уяач С.Хэрлэнгийн хонгор, мөн аймгийн Аргалант сумын уугуул Ц.Махвалын халтар, Ховд аймгийн уяач Л.Гантөмөрийн хонгор азарга хурдалсан байна. Төв аймгийн Аргалант сумын уяач Ц.Махвалын халтар азарга энэ жилийн улсын баяр наадамд айргийн гуравт давхисан ажнай юм.

Тус наадмын их насны морьдын уралдаанд Баянхонгор аймгийн Богд сумын уяач З.Дэлгэрдалайн халзан саахалтын зайтай тасархай иржээ. Аман хүзүүид Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, манлай уяач Ц.Батсайханы бор хурдалсан байна. Айргийн тавд Дундговийн Эрдэнэдалай сумын уугуул Д.Цогтбаярын шарга, Баянхонгорын Баацагааны Д.Баяраагийн хүрэн, Ховдын Дарвийн Б.Мөнхтөрийн хээр давхиж наадамчин түмнээ баясгав. Ийнхүү Баянхонгорчууд нутагтаа болж буй “Их хурд-2009″ хурдан морины наадмын дээд хоёр насны турууг авч сайхан нааджээ. Баянхонгорын “Их хурд”-ын соёолон морьдын уралдаанд 350 шахам хурдан хүлэг гараанаас гарчээ. Тэдгээрээс Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, “Макс” группын уяач Д.Ганбаатарын зээрд соёолон тасархай түрүүлэн иржээ. Аман хүзүүнд мөн аймгийн Шарга сумын уяач “Алтай” констракшны захирал Х.Бат-Эрдэнийн хүрэн хурдлав. Соёолонгийн айргийн тавд Төв аймгийн Баян сумын уяач Б.Мөнхцогийн цавьдар, Говь-Алтайн Бигэрийн Л.Батмөнхийн хул, Баянхонгорын Богдын уугуул, “Ганбогд” компанийн захирал Г.Ганхүлэгийн хар иржээ.

“Их хурд-2009″ төвийн бүсийн хурдан морьдын уралдааны хязаалан насанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, “Макс” группын уяач Д.Цэрэнжигмэдийн бор түрүүлж, Ховдын Дарви сумын уугуул Б.Мөнхтөрийн хар аман хүзүүнд давхисан байна. Хязаалангийн айргийн гуравт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Х.Жаргалсайханы бор, Төв аймгийн Баянжаргалангийн Б.Саранхүүгийн хүрэн, мөн аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын даян аварга А.Сүхбатын зээрд хязаалан хурдалжээ. Шүдлэн насны морьдын уралдаанд Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, манлай уяач Ц.Батсайханы хонгор түрүүлж, Өмнөговийн Баяндалай сумын уяач Р.Бадрахын талын хул аман хүзүүдсэн байна, Мөн Говь-Алтайн Шарга сумын уугуул, “Алтай” констракшны захирал Х.Бат-Эрдэнийн сарт хээр, Булганы Могодын уяач Х.Түмэнжаргалын цавьдар, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уяач Ц.Энхтайваны саарал шүдлэн айргийн тавд хурдалж торгон жолоо өргүүлэв. Эл наадмын дааганы уралдаанд тод манлай уяач “Макс” группын захирал Д.Ганбаатарын хээр Түрүүлж, Ховд аймгийн уяач Б.Буяннэмэхийн хонгор аман хүзүүдсэн байна. Айргийн тавд Өвөрхангайн Бүрдийн Ц.Пэрэнлэйгийн бор, Төв аймгийн Баянцогтын уугуул, манлай уяач Б.Одгэрэлийн зээрд, Ховд аймгийн уугуул, “Шандас” группын тэргүүн Х.Тамирын сартай хүрэн хурдалсан байна. Баяр наадмыг зохион байгуулах комисс түрүү азаргыг “Уаз-31512″ автомашинаар, бусад насны түрүү магнайг 6-2 сая төгрөгөөр байлжээ.

Төвийн бүсийн “Их хурд-2009″ хурдан морьдын уралдаанд зориулсан хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, улсын гарьд П.Сүхбат, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Ц.Мягмарсүрэн, Архангай аймгийн Булган сумын уугуул, ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны бөх, улсын заан Б.Рагчаа нарын тэргүүтэй хүчит 256 бөх зодоглосон юм. Энэхүү барилдааны шөвгийн дөрөвт улсын гарьд П.Сүхбат, улсын заан Б.Рагчаа, Төв аймгийн Баянцогт сумын уугуул, улсын харцага Ө.Даваабаатар, улсын харцага Д.Батболд нар үлдсэн байна. Наадмын долоогийн даваанд улсын гарьд П.Сүхбат улсын харцага Д.Батболдыг амлаж, Б.Рагчаа, Ө.Даваабаатар нар тунажээ. Үзүүр түрүүнд улсын харцага Ө.Даваабаатар, Д.Батболд нар харанхуй болтол хүч үзсэн аж. Барилдааны эцэст хоёр бөх автомашины гэрэлд барьц сонгон хүч үзэж улсын харцага Ө.Даваабаатар давж түрүүлэн, Д.Батболд үзүүрлэжээ.

admin Монгол морь, Шүлэг

  1. 29 Долоодугаар сар 2009 : 03:14 | #1

    jaaxan zoxion baiguulalt muu bolson gej baisan ternees bol dajgvi shvv xarin. OCHIRBANII HURD sain bolson bn lee xo

  2. 29 Долоодугаар сар 2009 : 11:00 | #2

    saihan uraldaan boljee.manai towiin tomchuud end tendgvi ochij naadah umaa.

  1. Одоогоор алга.
Copy Protected by Chetan's WP-CopyProtect.