Эхлэл > Монгол морь > Ц.Цэнгэл: Морь нь түрүүлчихээд байхад мэдээгүй над шиг уяач байдаг болов уу

Ц.Цэнгэл: Морь нь түрүүлчихээд байхад мэдээгүй над шиг уяач байдаг болов уу

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading ... Loading ...
20 Арван хоёрдугаар сар 2009

tsengel_uyaaНаадам айсуй. Энэ өдрүүдэд хүчит бөхчүүд гал галаараа бэлтгэлд гарч, уяачид хурдан морьдынхоо уяа сойлгыг тааруулж, мэргэн харваачид цэцээ шалгаж байна. Өнөөдрийн төрийн түшээд дотор Монгол Улсын далай дархан аварга, Монгол улсын манлай уяачид цөөнгүй байгаа. Тэдний нэг УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлтэй ярилцлаа.

-Хаа сайгүй л наадмын бэлтгэл хийж эхэллээ. Та ч бас хурдан морьдоо уяж эхэлсэн үү?

-Арваад хоногийн өмнө билгийн тооллын нохой, бар өдөр уяачид морьдоо барьсан байх. Морийг нохой буюу бар өдөр л уядаг. Би ч бас тэр өдөр морьдоо уясан. Морь уяна гэдэг Монголын үндэсний их спорт юм. Бага сунгааны эрх ирэх даваа гаригт эхлэх байх. Дараа нь дунд сунгаа, тэгээд баярын өмнөх сунгаа хийгээд үндсэндээ мориныхоо байдлыг харж байгаад шийднэ. Уяа сойлго нь таарсан бол уралдана, сойлго нь таараагүй бол тавьчихдаг шүү дээ. Энэ бол монгол хүний зориг тэвчээр, хийсэн ажлынхаа үр дүнг гэхээсээ илүү малаа, морьдоо хайрладаг ёс юм.

-Та хэдэн насанд морь уяж байна вэ?

-Энэ жил ерөнхийдөө дааганаас бусад шүдлэн, хязаалан, соёолон, их морь, азарга гэсэн таван насанд морь уяаж байна.

-Таны морийг хэн уяж байна?

-Монгол Улсын алдарт манлай уяач Онон, то д манлай Даваахүү нар дээр миний морьд байдаг. Энэ хоёр хүн миний морьдыг уяж, улс, бүсийн наадмуудад айраг, түрүү авч алдаршуулсан. Энэ хоёр манлай бол олон түмний хайр, хүндлэлийг хүлээсэн Монголын энгүй их уяачид байгаа юм. Би энэ хоёртойгоо хамтарч ажиллаж байдагтаа баяртай байдаг.

-Ер нь та хэчнээн адуутай вэ?

-Би сум орон нутагтаа ихэнх үрээ даагануудаа бэлэглэчихдэг. Одоо 70 гаруй л адуутай даа.

-Уяж байгаа морьд тань хаанахын угшилтай бол?

-Хэнтий гарлынх байна. Даваахүү гуайн Цолмон халтарын удам байна. Ононгийн удмын, Г.Батхүүгийн толин хулын адууны угшлууд байна. Дорнодын Дамба гуайн адууны угшил байна. Дандаа улс орондоо томоохон амжилт гаргаж байсан угшлын адуу даа. Нэг ёсондоо угшил сайтай, шилмэл хурдан хүлгүүд ээ.

-Та морьдоо эргэнэ биз?tsengel_ts_04

-Тэгнэ ээ, би ирэх даваа гаригт УИХ-ын бүлгийн хуралдаанд оролцсоныхоо дараагаар адууныхаа сунгааг очиж үзэж, өнгө зүс, хурдыг нь харна даа.

-Анх морио түрүүлж, айрагдахад баярласан үеийнхээ сэтгэгдлээс хуваалцахгүй юу? Наадамчид л гэхэд түрүү морийг хурдалж ирэхийг хараад хөөрчихдөг шүү дээ.

-Анх 2000 онд миний саарал азарга, соёлон үрээ улсын их баяр наадамд айрагдаж, дөрөвт орж ирж байлаа. 2001 онд азарга нь түрүүлсэн. Тэр үед би Төрийн нарийн бичгийн дарга байсан учраас Сурын холбоог тэргүүлж байсан юм. Тиймээс морио барианд орж ирэх үеийг нь хараагүй. Тэгээд “морь чинь түрүүлээд ирж байна. Азарга чинь ингэж явж байна” гээд хүмүүс шаагилдахад маш их баярлаад, хамрын самсаа шархирдаг юм байна лээ. Хурдан морь ирэхийг үзсэн наадамчид Яармагаас хотын төв рүү буцаж, замын урсгал нэг тал руугаа болчихсон байхад би морь руугаа очих гэж сөрөөд л явж байсан даа. Энэ мэтчлэн морь нь айрагдаж, түрүүлэх шиг эр хүний баяр бахархал байхгүй л дээ. Тэр үе бол аз жаргалын дээдийг амталж байгаа юм шиг л сайхан байдаг. Хүн болгон баяр хүргэнэ. Ойр дотнын найз нөхөд, танихгүй хүн ч гэсэн баяр хүргэж, морины хөлсөнд хүрнэ. Морио, бөхөө, сурчдаа дээдэлдэг монгол хүнд бол энэ баяр наадам онцгой хийморьтой л доо. Хүмүүсийн шавай нь ханаж, сэтгэл баясдаг.

-Морины хүүхдээ та яаж сонгодог вэ? Морь түрүүлэх хүүхдийн авхаалж самбаанаас их шалтгаалдаг?

-Ер нь манай Даваахүү гуай морины хүүхдийг сонгохдоо “Чи ямар сурдаг вэ?” гэж асуудаг юм. Тэгээд онц сайн сурдаг хүүхдийг л авдаг даа. Төрөлхийн сурлага сайтай, юманд авхаалжтай, золбоолог хүүхдүүд л онц сурдаг шүү дээ. Морь унахдаа ч ялгаагүй. Би бас тэр талыг нь харна. Морьд түрүүлэх эсэхэд хүүхэд бас нөлөөтэй шүү. Амыг нь сул тавиад гуядаад байвал хэчнээн хурдан ч гэсэн түрүүлж явж байгаад сууна шүү дээ. Хүчийг нь тааруулж, хаана татах вэ, арын морьдоос хэр зэрэг зайтай явах вэ? Урьд нь түрүүлээд салхи хагалах уу, салхины дор явах уу гээд энэ бүхэн нарийн л даа.

-Хөдөөний хүүхдүүд адуун дэл дээр өсдөг. Та ч бас багадаа адууны хүүхэд байв уу? Тэр үеийнхээ хөгжилтэй дурсамжаас ярихгүй юу?

-Намайг сургуульд ороогүй байхад манайх нэгдлийн адуу хариулдаг байлаа. Тиймээс би сургуульд ороогүй байхад л өглөө нар дөнгөж мандах үед сэрээнэ. Намайг сэрээхдээ аав маань өөрийнхөө өрөөсөн гутлыг хажуудаа тавьчихна. Тэгээд намайг сэрээх гэж хэд хэд хашгираад л дуудна. Би нойроо харамлаад босохгүй. Тэгэхээр нь аав гутлаа чулуудахад миний хөл хавьцаа оноход нь би цочиж босоод мориндоо гарна шүү дээ. Өглөө нүдээ нухлаад морио барьж эмээллээд адуундаа явна. Морин дээрээ очиход хяруу уначихсан, бороо орж байгаа үед хэцүү л байдаг байсан. Бусад үед сайхан, адуугаа тууж ирэхэд нойр сэргэдэг.

-Аавдаа ер нь хэр зэмлүүлж байв?

-Би сургуульд ороогүй байсан үе, бас. Аавынхаа хайртай уургаар даага уургалаад. Тэгээд дийлэхгүй чирч яваад хугалж, зэмлүүлж л байсан хүн дээ.

-Нэлээд дүрсгүй хүүхэд байсан байна шүү. Хурдны морь унаж байв уу? Таны аав морь уядаг байсан уу?

-Хурдны морь унаж байсан. Миний аав морь уяна. Моринд жороо оруулна. Дархан мужаан хийнэ, бариач хийдэг, гарын дүйтэй хүн байлаа. Нутаг усандаа Шонхор Цэгмид нэртэй. Тэр үед Даншигийн наадамд түрүүлж Шонхор цол авч байсан юм билээ. Манайд уургын хээр морь байсан. Уургын хээр хошуугаа цээжиндээ наагаад давхичихдаг, ам хатуутай морь байсан. Би хээр морьтойгоо сумынхаа наадамд айрагдаж байлаа.

-Аав тань барилддаг байж. Та барилдана биз?

-Сургуульд байхдаа чөлөөт, үндэсний бөхөөр хичээллээд, сургуулийн аварга болж байсан.

-Уяачид морьдын удам угшил их хардаг. Тэгээд ч улс, бүсийн наадамд түрүүлсэн морьд эртний угшилтай байх юм билээ. Хурдан морь угшлаасаа их хамаарч байна аа даа?

-Хардал бэйс өвгөн ноён Пүрэвжав гуай хэдэн зууны тэртээ амьдарч байхдаа малынхаа удмыг сайжруулах, хурдтай байлгах тал дээр их зүйл хийж, гал шарын удмыг бий болгож байсан. Социализмын үед гэх юм уу даа, дайны дараа морин өртөө, морин дивизийн бааз суурь болгох зорилгоор манайд морин завод бий болгож байлаа. Үүний үр дүнд морин спортын холбоо Батлан хамгаалахад туслах нийгмийн харьяа байгууллага байгуулагдаж, морины үйлдрийг сайжруулах зорилгоор Будённый удмын адууг монгол адуутай эрлийзжүүлж гаргаж авсан энэ үйлдрийн угшил одоо улс, бүсийн баяр наадамд дандаа дээгүүр давхиж, айраг түрүү авч байна. Морь уяна гэдэг бол хэдэн үеэрээ хийдэг ажил.

-Морьтой монгол эр хүнийг хийморьтой хүн гэдэг. Одооны нэртэй бизнесмэн, улстөрчид хурдан морьдоороо өрсөлдөж бас бусдадаа гайхуулах нэг гангараа, бахархал нь болж байна?

-Тийм ээ, сүүлийн үед бизнесмэн, улстөрчид моринд их хорхойтой болж байна. Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл нэгдүгээрт монгол хүн моринд хайртай. “Ардын элч” кинон дээр хятадын цэргийн жанжин “Монголчуудын морьгүйгээр төсөөлөхийн аргагүй” гэж хэлдэг шүү дээ. Дэлхий нийтэд энэ спорт асар их түгсэн юм. Нэлээд чинээлэг улсууд морин спортыг сонирхдог. Дэлхийн, Европын, болон Азийн морин тойруулгын холбоо гээд том том холбоодын нэгдэл сүлжээ бий болж, улс орнуудад богино зайны араб, английн үйлдрүүд гарч ирээд олон зуун жил болж байна. Энэ олон зуун жилийн үр дүнд хаанахын адуу богино зайнд ямар хурдтай вэ гэдэг нь тодорхой байна. Үнэхээр хурдан гэдгээ дэлхийд харуулсан. Бид үндэсний морин спортоос гадна олон улсын морин спортод оролцъё гэсэн хүмүүс байна. Улстөрчид, бизнесменүүд уралдаан наадам зохиоё гэдэг санааны эхлэл тавигдаад тав, зургаан жил боллоо. Гэхдээ энэ бол шууд хийчих асуудал биш. Хөрөнгө мөнгөтэй холбоотой, төр засгийн дэмжлэг байх ёстой.

-Таны морьд дотор гадны угшилтай морь бий юу?

-Манайд англи, будённый, араб адууны угшлууд байна. Надад англи азарга, араб гүүнүүд байгаа.

-Гадаадын морины хорхойтнуудыг харж байхад бооцоо их тавьж байх шиг байдаг?

-Хонконг, Сөүл, Япон гээд хаана л бол хаана бооцоотой л уралддаг. Бооцоо нь 1000 төгрөгөөс эхлээд хэд ч байж болно. Хүмүүс бооцоот тоглоом дээр илүү их сонирхож үздэг юм байна лээ.

-Гадаадын морьд манай морьдын хооронд ялгаа онцлог юу байна вэ?

-Гадаадын морьд галбирын хувьд өндөр, нарийнхан гээд бие томтой л доо. Манай монгол морины чадал мохошгүй гэж дуунд дуулдаг. Үнэхээр манай морьдыг чадал чансаагаараа гүйцэхгүй л дээ.

admin Монгол морь

  1. Одоогоор сэтгэгдэл алга.
  1. 23 Арван хоёрдугаар сар 2009 : 07:38 | #1
  2. 28 Арван хоёрдугаар сар 2009 : 23:14 | #2
Copy Protected by Chetan's WP-CopyProtect.